Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх хүчин зүйл

Байгууллагын үр дүнтэй байдалд нөлөөлдөг хүчин зүйлсийг үндсэндээ хоёр хувааж болно. Ажлын орчин, технологи, дэд бүтэц болон менежмент, арга барил, дотоод соёл гэж. Та ганцаар ч бай, багаар ажилладаг ч бай, ажлаа үр дүнтэй хийхэд нөлөөлөх чухал зүйлсийн нэг бол ажлын орчин юм. Оффисын ажилтнуудын ажлын бүтээмж, бүтээлч сэтгэлгээ, ажлын хурд зэрэг нь ажиллаж буй орчноос шууд хамааралтай байдаг. Тийм ч учраас дэлхий даяар оффисын шийдлийг ажлын онцлог, байгууллагын онцлогоос хамааран янз бүрээр гарган, ихэд анхаардаг болоод байгаа юм. Ширээний өндөр нам, сандал ширээний байршлууд, агааржуулалт зэрэг хүн бүхний мэддэг зүйлсээс гадна гэрэлний өнгө мэтийн нарийн деталь зүйлсээс эхлээд амарч сэргэх хэсэг, байршил сольж ажиллах боломжууд хүртэл олон зүйлийг чухалд тооцдог болсон байна.